Наамал дүнз, хавтангийн цех

Цулгуй наамал хавтан үйлдвэрлэх шугам: Богино хэмжээгээр тайрагдаж цэвэршсэн модны хээ, зураглал, өнгө, хэмжээгээр ялган хураагдсан бэлдцүүдийг 2 талд нь шүдэт углуурга гарган наах автомат суурь машинд /Finger joint system/ оруулан 6 м урттай уртааш бэлдцүүдийг гарган авна. Эдгээр уртааш бэлдцүүдийг 18С-аас дээш температуртай цехэд 6-12 цагийн хугацаагаар байлгаж бүрэн хатаана. Ийнхүү хатаасан бэлдцүүдийг 4 талын харуулын суурь машинаар оруулан, бэлдцийн 4 талыг ижил хэмжээтэй болтол харуулдаж, бэлтгэнэ. Харуулдаж өнгөлсөн бэлдцүүдийг хооронд нь Герман улсад үйлдвэрлэгдсэн сайн чанарын D4 төрлийн цавуугаар нааж, 1см2 талбайд 80-90 кг хүчээр шахаж, 10 герцийн үелзэлтэй, өндөр давтамжид туяагаар 3 мин-н хугацаанд шарж, цавууг хатаах хүчин чадалтай прессийн суурь машинд нааж цул наамал хавтанг үйлдвэрлэнэ.

Цулгуй наамал дүнз үйлдвэрлэх шугам: 16,5 см өндөртэй, 23-28см-н өргөнтэй 6-12м хүртэлх урттай наамал дүнзний бэлдэц үйлдвэрлэх технологи нь цулгуй наамал хавтангийн бэлдэц үйлдвэрлэх технологийн процесстой адилхан байдаг. Шүдэт углуурга гаргах, зүүж наах, харуулдах дамжлагаар боловсруулагдсан 6-12 метрийн урттай банзан бэлдцийг босоо тэнхлэгийн дагуу 6 үеэр зэрэгцүүлэн байршуулж, өндөр давтамжид пресслэх машинаар шахан нааж, 16,5 см-н өндөртэй, 23-28 см өргөнтэй, 6-12 м хүртэлх урттай наамал дүнзийг гарган авна. Энэхүү боловсруулагдаагүй наамал дүнзийг 8 толгойт 4 талын харуулын суурь машинаар оруулж, дүнзний дээд, доод талд дулаан хамгаалах болон угсралтын углуургын зориулалттай уртааш ховилуудыг татна. Углуурга татагдсан дүнзийг 11 үйлдэлт, булангийн болон дундын углуурга, өрөмдлөгөө, тайралт хийх тоон удирдлагын систем бүхий бүрэн автомат суурь машинд оруулж, эцсийн боловсруулалт хийнэ.

Үйлдвэрийн технологийн дээрх шат дамжлагаас өмнө захиалагчаас захиалга авах, эскиз болон ажлын зураг, төсөл боловсруулах ажлуудыг Европод олон жилийн турш хэрэглэгдсэн зургийн автомат программыг ашиглан, мэргэжлийн инженерүүд 7-14 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.

Тус үйлдвэр нь эрчим хүчний хэмнэлттэй, технологийн хаягдалгүй- ЭКО үйлдвэр юм. Үйлдвэрийн технологийн процессод суурь машинуудаас гарч буй бүх үртэс, зоргодсыг хийн тээврийн хоолойгоор дамжуулан Коллекторт сорон хуримтлуулах ба энэ процессод үртэстэй хамт сорогдсон цехийн дулаан агаарыг шүүлтүүрийн тусламжтайгаар үртэснээс салган, эргүүлэн цехүүдрүү оруулснаар, дулааны эрчим хүчийг хаягдалгүй ашиглах боломж бүрдэнэ.

Коллекторт хуримтлагдсан үртэсийг хийн тээврийн хоолойгоор зөөж, 150 м3 багтаамжтай үртэс хадгалах саванд хуримтлуулах ба үүнээс үртэсийг уурын зууханд шурган дамжуулгаар тээвэрлэн, зуухыг галлаж, гарсан уурыг технологийн хэрэгцээнд, үйлдвэрийн байрны халаалтанд хэрэглэж байгаа нь эрчим хүчний хэмнэлт дулааныг гаргах боломжийг олгож байна. Мөн бусад цехүүдээс гарч буй модны том хэмжээтэй яр, тайрдас, шүргэдэс болон бусад хаягдлыг бутлуурын төхөөрөмжөөр бутлаж, хоногт 3 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай пресслэх машинаар шахаж, 10 см-ын диаметртэй үртсэн шахмал түлшийг үйлдвэрлэж байгаа нь байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй үйлдвэр болохыг нотолж байна.

 

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...